2012年8月13日月曜日





Одоогоос 1 жил 5 сарын өмнө болсон байгалын гамшиг Цунами. Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима ,Мияаги зэрэг нэлээд олон аймгийн газар нутаг уг гамшигт өртөж одоогийн байдлаар 20 000 хүн амь насаа алдсан албан бус тоо гараад байгаа юм.Бас одоо болтол олдоогүй,олдсон ч гэр бүлийнхэн нь тодорхойгүй хүмүүс хэдэн зуугаар тоологдож байна.

Сэтгүүлч  надад энэ гамшигт өртсөн газар руу явж хүмүүст туслах юмсан гэсэн сэтгэл их байсан ч  тэр бүр завшаан тохиож байгаагүй билээ.
Ингээд энэ удаа нэлээд эртний танил Кожима сан болон Чиба хотын сайн дурын нийгэмлэгийн хэдэн хүмүүстэй нийлэн  нэгэн баг болж явахаар шийдсэн юм.
Бидний очих хот бол Мияаги аймгийн Сэндай хот .
Чиба хотоос ойролцоогоор 6 цаг гаран  хурдны замаар давхиж  450 километр зам  туулж Сэндай хотод хөл тавилаа.1,057,659 хүн оршин суудаг энэ хотод гамшиг болсноос хойшхи сэргээн босголтын ажил эрчимтэй явагдаж байгаа аж.Харин одоог хүртэл гар хүрээгүй урсаж ирсэн байшин барилга , усан онгоц  тэр хэвээрээ байж байлаа.



  
  


Иймэрхүү дүр төрх Сэндай хотын Оонагава дүүрэгт алхам бүрт тааралдана. Үнэхээр дайн болоод өнгөрсөн юм шиг санагдаж байлаа.Японы засгийн газраас  15,867 хүн нас барж 2906 хүн сураггүй тодорхойгүй байна  гэсэн тоо баримт гаргаж байгаа ч  гадаадын хэвлэлийн агентлагууд 20,000 давсан  хүн нас барсан гэж үзэж байгаа юм. Үүний сацуу далайн тээврийн болоод загасны усан онгоц 22,000 ширхэг живж, эвдэрч хэмхэрээд байгаа ажээ.
Бидний зорьж ирсэн Мияаги аймагт 9,524 хүн нас барж 1480 хүн тодорхойгүй болж 4,136 хүн хүндээр бэртэж гэмтжээ. Хамгийн харамсалтай нь 108 хүүхэдтэй бага сургуулийн 78 хүүхэд сургууль дээрээ Цунамид өртөн нас баржээ.Мөн жолооны сургуулийн 24 сурагч багштайгаа нас барсан элэг эмтэрмээр баримтууд энд үлджээ.
Бас нэг харамсалтай мэдээ бол 2011.03 сарын байдлаар хоргодох байранд хүйтэн болоод гамшгийн байдлаас үүдэж 208 хүн нас барсан бол энэ оны 7 сарын байдлаар 1618 хүн нас барсан гэсэн тоо гарчээ. Хүйтэн дээрээс нь орон гэргүй сэтгэл зүйн дарамттай байдлаас болж голдуу өндөр настай 70 аас дээш насныхан нас баржээ.Газар тарайлангийн 236 000 га газар цунамид автаж бүх нийт хохирол 16―25 н их наяд иен буюу 25 миллион иении хохиролд учруулжээ гэсэн тоог Японы засгийн газар нийтэд зарлаад байна. 
Бид   мөн Мияаги аймгийн атомын энергийн төвөөр дайрч цацраг идэвхит бодисын тархалтын байдлыг мэдэхийг зорьсон боловч атомын энеригийн төв цунамид өртөж, нурж ажиллахаа больсон байлаа. 


 Сэндай хотод цацраг идэвхит бодисын тархалтын хэмжээ анх үүссэн нөхцөл байдлаас арай бага байгаа боловч дундаж хэмжээнээс 1,1 дахин илүү гарсан байна. Түрүү жилиин 4 сараас өдөр бүр хэмжилт хийж байсан бөгөөд энэ жилээс эхлэн 7 хоногт 1 удаа цацраг идэвхит бодисын хэмжээг тогтоож байна. Сэндайд 0,54 хувь гарсан нь бага боловч дунджаас дээгүүр гарсан нь энэ бүст хүн ам ихээр төвлөрч болохгүйг харуулаж  байгаа юм. Японы засгийн газраас дундаж хэмжээг  байнга шинэчлэн  тогтоох замаар цацраг идэвхит бодисыг 00 болгох бодлого баримталж байна. Сэндай хотод амьдардаг хүмүүстэй ярилцах үед үнэхээр цацраг идэвхит бодисын талаар асууж чадсангүй . Учир нь энэ бүс нутагт цацраг идэвхит бодис тархсан дээрээс нь бие сэтгэлээрээ энэ аюулт гамшгийг туулж ирсэн болохоор  тэр юм.
 Энэ нутгийн уугуул Оокүда сантай түр уулзлаа. Эхнэртэйгээ залуу халуун наснаасаа   эхлэн далайн Оонагава буланд газар тариалан эрхлэн амьдарч байжээ. Хорвоод мэндэлсэн хоёр сайхан охин хүүгээ  бас л цунамид алдаж орох орон ,амьдрах газар , эрхэлж байсан  ажил бүгдийг нэг дор алджээ. Одоо Оокүда сан эхнэртэйгээ хоёул түр хорогдох хороололын умгар жижэгхэн өрөөнд амьдран сууна.Зовлон гэдэг хүнд хэлж ирэх биш хэмээн   2 хөгшин нулимс мэлтэлзүүлэн ярьж байлаа. Хэний төлөө юуны тулд амьдрах ёстой вэ гээд Оокүда сан санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Тиймээ энэ хоёр хөгшин хоёр биенийхээ төлөө амьд явахаас өөр аргагүй, цунами болсон газрын түүх болохоос өөр аргагүй билээ.
Түр хоргодох хорооллын  байрыг Японы засгийн газраас олноор нь барьж байгуулж өгснөөр эдүгээ Оокүда сан шиг 5 000 гаруй  хүн ийм байранд амьдарч байна. Мияаги аймагт түр хоргодох хороолол 20 орчим байгаа бөгөөд энэ байранд голдуу өндөр настан, бага насны хүүхэдтэй айлууд орсон ажээ.
Цунамигаас үүдэлтэй хог хаягдал их хэмжээгээр гарч байгаа бөгөөд Японы засгийн газраас ихээхэн хүч тавьж ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар がれき буюу хог хаягдал 13 сая 500 мянган тонн болоод байгаа бөгөөд  3 хэсэг 100 га газарт төвлөрүүлж бөөгнүүлээд байгаа ажээ. Эндээс хог хаягдалыг салган ялгаж төмөр,хууванцар,мод гэхчлэн ангилан  төрөлжүүлэн үйлдвэрүүд рүү зөөж ачиж байна.
Хэдэн километр үргэлжлэх хогон уулыг энэ жилдээ багтаж цэвэрлэж дуусаж магадгүй гэсэн амлалтыг хог хаягдал цэвэрлэх компанийнхан саяхан сонинд бичсэнийг санаж байсан ч газар дээр очиж үзэхэд  амжих болов уу яах бол гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун...


Сэндай хот өдөр өдөрөөр өөрчлөгдөн өнгө засч , ажилсаг ард түмэн  үнэхээр борви бохис хийлгүй шамдан ажиллаж байна. Бидний сайн дурын ажил хүмүүстэй уулзаж сэтгэл санааг нь сонсож багахан ч болов хугацаанд уйтгар гунигийг нь мартуулж  чадсан гэж хэлсэн   аялалын ахлагч Кожима сантай би санал нийлж байгаа юм.Нийт  хоёр хоногийн дотор 76 хүн цуглуулж уулзалт хийлээ. 


Амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн   байдаг шиг цунамигаас үүдэж ийм байдалд орсон Сэндай хотын арт түмэн байгалын гамшгийг даван туулж ирээдүйг цогцлоох хүүхэд багачуудад шинэ Сэндайг бэлэглэхээр дор бүрнээ хичээн зүтгэж байна.
Энд үнэхээр амралт гэж алга .Энд үнэхээр сул цаг гэж алга. ...
Энд ажил , их бүтээн байгуулалт л байна.
Тиймээ  дэлхийг цочроосон их гамшиг одоо түүх болон нэгэнт ард хоцоржээ. 
Тиймээ аймшигт далайн давалгаа мөнх нойрсжээ.







                                                                                                                                   2012.08.15        


0 件のコメント:

コメントを投稿