2011年10月9日日曜日

БУГАН ХӨШӨӨ

   
Тэгэхээр Хүн чулуунаас Буган хөшөө юугаараа ялгаатай вэ?
Бид яагаад ангилаад байна вэ?
Цаг хугацааны хувьд өөр үед бүтээгдсэн ба дүрслэлийн хувьд эрс өөр бодит хэлбэр рүү шилжиж хийгдсэн байдгаараа онцлоготой юм.
Eвро-Азийн хээр талын бүс нутагт хүрэл, ба төмөр зэвсэг эдлэлийн түрүү үөд өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох бугын дүрст чулуун хөшөө 700 орчим олдож байгаа бол монгол улсын нутгаас 550 орчим нь олджээ. Бугын дүрст чулуун хөшөө нь 1-4м өндөр, 20-40см зузаан, 30-80см өргөн хэмжээтэй байх бөгөөд ихэвчлэн хөшөөний дээд хэсэгт нар сар, хөшөөний их биөний дунд хэсэгт сүрэг бугыг дүрслээд түүний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай хийсэн  байдаг. Бугын дүрст чулуун хөшөөг
1.Монгол-Өвөр Байгалийн, бугаа загварчлан дүрсэлсэн хөшөө
2.Соён-Алтайн, бугаа бодит байдлаар дүрсэлсэн хөшөө
3.Евро-Азийн, амьтны дүрсгүй хэмээн үйлдсэн өрөнхий байдлаар нь гурав ангилдаг.
Эхний хэсэгт  хамаарагдах бугын дүрст чулуун хөшөө нь тоо хэмжээний хувьд бусад хөшөөнүүдээ бодвол харьцангуй олон тоотой байдаг бөгөөд манай улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян өлгий аймгийн нутгаас олдсон  ба  гол шигүү тархсан газарт Хангай, Хэнтий, Соёны уулсын нутаг хамаарагддаг байна.
Тухайлбал Архангай  аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын хойд дэнжид нэлээд олон том, жижиг дөрвөлжин хашлага болон бусад байгууламж бүхий бугын дүрст чулуун хөшөө байдаг. Тэрхүү хөшөөнүүдэд  бугаа загварчлан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг зэргийг урнаар сийлсэн байдаг нь тухайн үеийн хүмүүсийн соёл иргэншил нэлээд хөгжингүй байсныг харж болох юм.
 2,5 метр өндөр 0,48 метр өргөн, 20см зузаантай  саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн энэ хөшөөний орой ташуу бөгөөд дээд хэсгээр нь цувруулан олон хонхорхой гаргаж, доогуур нь өргөн бүс гэмээр зүйл татаж уг хөшөөг ерөнхий байдлаар нь гурван хэсэг болгосон байна.
Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт нар, сар, дунд хэсэгт нь арван бугын дүрсийг загварчлан- [загварчлан гэдэг нь бугын дүрсийг бодит байдлаас арай өөр өнгө аястайгаар хийсвэрлэн дүрслэхийг хэлнэ. ] урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн байдлаар дүрсэлсэн байна.
Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба хамгийн зүүн доод өнцгийн дүрсэлсэн жижиг бугаа хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврий нь эгц дээшээ хандуулан босгон салаалуулжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж, бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гурав дахь бугын цээжин хэсгийг дүрсэлжээ.

Ёр нь тухайн овог аймгууд бугыг яагаад шүтэх болов,Буга хэмээх амьтан юутай холбоотой болоод шүтэгдэх болов үүнийг эргэн хархад учир утга нэлээд гүн гүнзгий байдаг байна.
   С.Дулам гуай: “Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан тул бугын чулуун хөшөө нь түүнийг бүтээгчдийн сүлд буюу тэдгээр хүмүүс эрт цагт өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой...”
АНУ-ын судлаач William Fitzhugh: Ази Европын эртний зарим нэгэн овог аймгуудын дотор байсан бие болон нүүрэн дээрээ зурж дүрсэлдэг зан үйл болон Пазырикын шивээст хүний материалд түшиглэн шивээс, биений зураг байж болох талаар тайлбарлаад бүхэлдээ буган чулуун хөшөө бол хүнийг төлөөлүүлсэн дурсгал хэмээн үзсэн байна.
Орос судлаач Ольховский: Буган чулуун хөшөө нь үржлийн бэлгэдлийг агуулсан эр хүний бэлэг эрхтэнийг шүтэхтэй холбогдсон дурсгал хэмээн үзэж үүнийгээ хожмын Алтайчуудын үйлддэг зарим зан үйлээр тайлбарласан байдаг. 
Харин Ж.Баярсайхан хэмээх судлаач Буган хөшөөг судлаж  Бөөгийн мөргөлтэй холбон үзэх нь зүйтэй гэсэн байна.
        Энэ тухайгаа тэрбээр нарийн тайлбарлан өгүүлсэн нь:
Бөөгийн шашинд буга шүтлэгтэй холбоотой маш олон зан үйл уламжлагдан иржээ. Бөөгийн ёсонд бугын арьсаар хэнгэргээ хийж, түүн дээр ихэнхдээ буга дүрсэлдэг бөгөөд буга нь их онгодын унаа болдог ба учир нь буга, согоог зөөлөн явдалтай унасан эзнээ ядраадаггүй, зорьсон газарт нь хүргэж чаддаг амьтан гэж үздэг . Цаатан, Тож бөөгийн ёсонд бөөгийн онгон нь хөлгөө унаж, тэнгэрт халин дүүлэн нисэж, учрах онгондоо уулздаг гэнэ . Зүүний (Өвөрбайгаль, Амар орчмын) бөө нар ч буга унаж дээд ертөнцөд очдог гэж үздэг ажээ . Алтайчуудын бөө нарын оюуны төлөөлөгчидийн дунд буга марал чухал байр суурь эзэлнэ . Бүх Сибирийн ард түмнүүдэд тэнгэрийн хандгайн (бугын) тухай домог янз бүрийн хувилбартай байдаг . Ийнхүү Төв Ази Сибирийн бөө нарт бугыг эрхэмлэн үзэх болсон нь эртний уг сурвалжтай юм. Бөө нарын дунд эртнээс нааш үйлдэж ирсэн зан үйл болох бөөгийн гол хэрэгсэл болох онгодын унаа хэнгэрэгийг бугын арьсаар хийж түүнийг амилуулах зан үйлийн дуудлагад:

... Амьдрал жаргал замыг минь жолоодон
  Залуу шинэ аян зоргол (буга) минь боллоо... гэхчлэн дуудаж тодорхой зан үйл хийсний дараа дээлээ тайлан өмсгөлөө өмсч бөөлж эхэлнэ. Ингэхэд согоо буюу хөлөг нь амилж буй мэтээр дараахь үгийг хэлдэг. Энэхүү тамлагын үгэнд “Ижил сүргээсээ салсан, баатар хүний хэрэг бүтээхээр дүрс хувилсан,”, ”Хувь ихтэй баатарын хүчээр агаарт дэгдсэн” ер бусын, бодит бус бугын тухай санаа олонтаа тохиолдоно.Ийнхүү монголын бөө мөргөл дэх буга, буган чулуун хөшөөн дэх буга хоёрыг ямар нэг хэмжээгээр холбож үзэх сэжүүр илэрч байна.

Миний хувьд Буга бол шүтлэгтэй холбоотой байх нь гарцаагүй юм. МНТ нд : 
          ..... Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу
          .....  Гэргий Гоо марал ажгуу     ..... хэмээн бичигдсэн байдаг болхоор  Буга бол тэнгэрийн амьтан,тэнгэрээс заяат гэдгийг хэлж өгч байгаа юм.Тэнгэр бол эх дэлхий байгаль , цаашлаад байглийн бүхий л хүчин зүйлсийг "Тэнгэр "мэддэг   гэдэг утгаар шүтлэгтэйгээ холбогдож байгаа юм.Ихэнхи Буган хөшөөний хамгийн дээд хэсэгт нар байдаг ба Тэнгэрийн дээр нар буй,түүний доор өнгөрсөн одоо ирээдүйг билэгдсэн шүтээн болох  марал бугыг сийлсэн байдаг.
Тухайлбал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутаг Дунд Жаргалантын голын хөндийд нэлээд хэдэн дөрвөлжин булш байдаг  бөгөөд тэдний хана булан зэрэгт таван ширхэг буган хөшөө бий. 
 Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуугаар үйлдсэн, өндөр нь 2,5 м, өргөн нь 0,4 м, зузаан нь 0,2-0,38 м /хөшөө доошоо шувтан/ хэмжээтэй боловч оройн хэсэг нь хугарч унасан байдалтай. Хөшөөний их биеийг ороолгон арван бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Хөшөөг ороолгон хөрөөний ир мэт зургаан см өргөн бүс татжээ. Хөшөөний зүүн хажуугийн нарийн хавтгайн дунд хэрд бамбай, бүсний доор нэгэн тамга, арын өргөн хавтгайд байлдааны зээтүү, хөшөөний урд талын өргөн хавтгайд гуй тольттой чинжал хутга, саадаг мэтсийг зүүсэн байдалтай дүрсэлжээ.Он цагийн хувь хүрэл зэвсгийн эцэс төмөр зэвсгийн эхэн үед хамаарах дөрвөлжин булшны өнцөгт хүрэл зэвсгийн дунд үед бүтээгдсэн хөшөөг ашиглаж байсан Х.Т.Ө YII-IX зууны үед холбогдоно.
Хөшөөнөө бугыг заавал хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг шувууны хошуу мэт урт нарийн, эврийг хээ угалз мэт дүрсэлжээ.
Энэ мэт уран гоё хийцтэй буган хөшөө монгол нутгаас олдож байгаа бөгөөд судалгааны хувьд нэлээд учир дутагдалтай улам нарийн чанд судлах шаардлага эдүгээ тавигдсан хэвээрээ байна.



0 件のコメント:

コメントを投稿