2012年3月31日土曜日

ЭРТНИЙ ХҮНИЙ ОЛДВОР



Саяхан Африкийн дорно зүгт орших Этиоп улсаас  эрт цаг үед амьдарч байсан хамгийн эртний хүний ул мөр олджээ. Ойролцоогоор 3,400,000 жилийн өмнөх эртний хүний баруун хөлийн чулуужсан ясыг Америкийн Cleveland –ийн  байгалийн түүхийн музейн археологийн судалгааны багийнхан нээж илрүүлсэн байна.Үүнээс өмнө тухайн  үеийн хүний хөгжлийн нэгэн хэлбэр төрөл болох  Australopithecus(мичнээс хүнд шилжэх үеийн хүнийг нэрлэх нэр)-н хоёр хөлийн чулуужсан яс олдож байсан ба энэ удаагийн олдвор нь хүний хөгжлийн үүсэл гаралыг тодорхойлоход ихээхэн чухал хэрэглүүр болоод  байгаа юм.
     


Олдворын хувьд баруун хөлний 8 ширхэг чулуужсан яс байсан ба хүн анх үүсээд хөгжлийнхөө анхан шатны үеэс дараагийн үед шилжиж байсан тэр үеийн хүний яс хэмээн тодорхойлж байгаа юм байна.Учир нь энэ ясны шинжилгээгээр хөлийн яс нь давхар гарын хөдөлгөөнийг илэрхийлж байсныг тодорхойлж байгаа бөгөөд энэ үед хүн бүрэн гүйцэт хоер хөл дээрээ явж чаддаггүй байсныг нотлож байгаа юм байна. 
Энэ олдвор нь хүний хөгжлийг ойролцоогоор 100.000 жилээр урагшлуулж байгаа ажээ.


                          


                                                                                                                  ASAHI сониноос орчуулав.



2012年1月15日日曜日

ГАЛ ГОЛОМТ

Гал голомт гэдэг үг  Монголчууд та бидэнд ихийг бодогдуулдаг билээ.
Миний бодлоор үндсэн цөм,цул зүйл,хагарч болохгүй салгаж болохгүй бас анх эхний ариун нандин гэсэн утгыг агуулдаг байх гэж боддог.Түүх домог,ном судраас үзхэд гал үүссэнтэй холбоотой  гал-- гал сахих – гал манах—гал голомт--галын хаан—гал тахих зэрэг үгнүүд гарсан бөгөөд монголчууд үйл хөдлөл өөрсдийн ёс заншилдаа утгыг улам төгөлдөржүүлэн хэрэглэж иржээ.
Анхны үед хүн байглийн элдэв үзэгдлээс үүссэн галаас зугтаж байснаа больж галыг хэрэглэж болохыг харж ойлгон дулаацах,араатнаас өөрийгөө хамгаалах,хоол идэшээ болгох зэрэгт ашиглаж байлаа.Энэ үед хараахан гал гаргах аргыг бодож олоогүй байсан бөгөөд байглийн үзэгдлээс гарсан галыг аль болох унтраахгүйг хичээж галаа манаж хонодог байжээ.
Монголчууд  1950-д он хүртэл хөдөө алс нутгуудаар ил тулганд гал манаж байсан байна.Гал манах арга нь энгийн ба галын дөл унтарсан хойно удаан шатдаг хожуул,хатуу аргал хөрзөн хийж дээрээс нь нурмаар булдаг байв.
Эртний хүмүүс гал манах арга бүтэмжгүй болох үед давирхайтай модыг хооронд үрж нэг ёсондоо мөнхийн галтай болж үрэлтийн хүчийг ашиглах боллоо. Байнгын галтай болсон хүмүүс аажим аажимаар сууц оромжтой болж, улмаар хүй нэгдлийн үеэс ураг төрөл ,овог аймгаараа амьдран суух болсон байна.Энэ цаг мөчөөс эхлэн гал голомт хэмээх ойлголт гарч ирсэн юм.
Бас голомт гэдэг үгийн тухайд овоохой /урц/ гэр, өрх гэр, ханат гэрийн гол тулгуур мод байдаг ба үүнийг нэрлэсэн үг байж магадгүй юм.Тухайлбал тулгуур мод,гол мод гэдэг үгнээс голомт, гол модны дэргэд гал гаргах гэсэн утгаар тайлж болох юм.
Ёр нь “Голомт “ гэдэг үг “Гал” аас өмнө үүссэн байх талтай.
Монголчууд гал голомтийг гал манах  гэдэгтэй холбогдуулж маш нарийн ёс заншил болгон хэвшүүлэн хэрэглэж иржээ. Гал голомт бол Гал манах,Галын хаан бол отгон хүү гэсэн утгаар илэрхийлэгдэж байдаг байна.Айлын хамгийн бага хүүг  отгон хүү гэх бөгөөд үе удам дамжсан гал голомтоо түүнд уламжлуулан өгдөг.Монголын нууц товчоонд өгүүлснээр айлын бага хүү гал голомт залгамжлаад зогсохгүй нутаг усаа сахин үлддэг байжээ.Тиймээс ч гол дэвтээх охиноос голомт сахих хүү гэдэг зүйрлэл гарчээ.Тэгэхээр айлын отгон хүү гэдэг амь наснаас илүү үнэтэйд тооцогдож удам угсаа гал голомтоо залгамжлан авч явах үүрэг хүлээдэг байна.
Гал голомттой холбоотой бас нэгэн чухал хэрэглэл бол тулга юм.Гал голомт үүсгэж эхэлсэн тэр л үес галыг хэмжээ хязгаартай орчинд барьж байх үүднээс гурван чулуугаар тулга тулж галыг хэрэглэж байсан бол аажмаар төмрөөр гурван хөлтэй тулга хийж хэрэглэж эхэлжээ.Монгол түмэн үүнийг шалзан тулга  гэж нэрлэдэг ба баруун хөлийг эцэг,зүүн хөлийг эх,зүүн урд хөлийг хүү хэмээн билэгшээдэг байна.

2011年11月20日日曜日

ХУБИЛАЙ ХААНЫ ЭЛЧ


Японд Монгол цэргийн усан онгоц олдсон болoхоор сэтгэл хөдлөөд тэр үеийн ,өөрөөр хэлбэл Хубилай хааны элч төлөөлөгч нарын тухай судалж үзмээр санагдсан юм.
Өмнө нь Хубилай хааны тухай бичиж байсан нийтлэлдээ бага зэрэг оруулсан хэдий ч энэ удаа тусгайлан очиж үзэж сонирхлоо.
1281 оны 6 дугаар сарын 21-ний єглєє Японы Цюсима арал руу Хубилай хааны далайн  цэргийн хоёрдахь флот довтолж эхэлжээ.
4400 онгоц 14 000 цэрэгтэйгээр довтолж эхэлсэн энэ мөчид  дотоодын хагаралтай байсан Японы овог аймагууд нэгдэн нягтарч чадалгүй сандралдан эмх замбараагүй байдалд орж  байжээ.Эзэн хаан Хожёогийн ордонд дайны явцыг яаралтай хэлэлцэж урьд хожид үзэж байгаагүй Монгол цэргийн тактикыг гайхан цочирдож хүлээн авчээ.
Үүнээс 7 жилийн өмнөх 1274 онд яг л  ийм айж сандарсан байдалтай байсан билээ. Гэнэтийн их хэмжээний цэрэгтэй, далайн асар өргөн фронтыг хамарсан энэ дайнд бүх нийтээрээ тэмцээд зогссонгүй Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нєлєєтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг тэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн єдєрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийсэн гэх буюу зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн гэсэн баримтууд бас байдаг юм байна.
     Миний бие Японы эзэн хаан Их Юань улсын албан бичгийг үл хүндэтгэсэн ,ирсэн элч төлөөлөгч нарыг ордонд нэвтрүүлээгүйгээс уг дайн эхэлсэн гэж үздэг.
Их Юань улсын элч 1266 оноос эхэлж Японд ирж байсан бөгөөд 1271,1274,1275,1281 онуудад дахин дахин улсын албан бичиг   хүргүүлэж байжээ.
Эдүгээ 1266 онд бичсэн Юань улсын элчийн бичиг хадаглагдаж байдаг бөгөөд уг бичигт  " 至元(ЖИ ЮАНь) 3 дугаар он 8 сар"  гэж бичсэн байдаг билээ.
 至元(ЖИЮАНь) 3 дугаар он гэдэг нь 1266 он бөгөөд至元(ЖИЮАНь) он тоолол Хубилай хаан Их Юань улс гэж зарлаагүй байх үе ба улсаа байгуулах гэж өвөр хоорондоо дайтаж байх үеэс эхэлсэн тоолол юм.

Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээн судлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн “Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо дурьдсан байна.
Өөр нэг сурвалжид Монгол хүнээр толгойлуулсан элч нар Морёчю(杜世忠) 34настай Монгол),туслах төлөөлөгч  Нан Бүн Чёо(何文著)38 настай хятад, зөвлөх түшмэл Тэцүмичо(撤都魯丁) 32 настай уйгар, бичгийн түшмэл  Ка  (果) 32 настай уйгар,хэлмэрч Жё Сан (徐賛) 32 настай гуулин улсын зэрэг бүгд 30 хэдэн насны нэгэн үеийн залуус байжээ. Тэгэхээр нэрний хувьд өөр боловч элчийн тооны хувьд адилхан 5 н хүн байсан нь таарч байгаа бөгөөд Хубилай хаан элч нарын ахлагчыг Монгол хүнээр тавьж удаах албан тушаалд эзлэгдсэн орны хүмүүсээс сонгож тавьдаг байсныг эндээс харж болох  юм. Дээрхи элч нар Камакура дахь Шогун Хожа Токимунэ-гийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагын үеийн цаазын газар болох Тацуно кучи яама (龍の口山)-Луугийн ам ууланд цаазалжээ.
 Одоогийн Канагава аймгийн Пүжисаваши хотын Катасэ гэдэг газар Бурханы шашны Жёорюүжи хэмээх сүм байдаг ба тухайн үеээс нэлээд хожуу 1500 оны эхээр лам Ничиго цаазлагсадын сүнсийг амраах зорилгоор барьж байгуулжээ.

Тухайлбал дахин ийм дайн бүү болог, Монгол цэргийн сүнс дахин бүү босч ирээсэй хэмээн  энэхүү элч нарт зориулсан хөшөөг босгожээ.






Уг сүмийн нэгэн хөшөөн дээр Хубилай хааны элч нарын ахлагч Морёчю(杜世忠)-гийн үхэхээсээ өмнөх хэлсэн гунигийн үгийг сийлжээ.





出門妻子贈寒衣
問我西行幾日帰
来時儻佩黄金印
莫見蘇秦不下機
......хэмээн хөшөөнд бичигдсэн   байдаг ба үүнийг орчин цагын япон  хэлэнд буулгавал :
門を出ずるに妻子は寒衣を贈り
               我に問う、西行幾日にして帰ると
               来る時もし黄金の印を帯びたれば
               蘇奏を見て機を下らざるなかれと
                                                                 .....болох ба  монгол  хэлнээ хөрвүүлвэл:
        
              Холын аянд гарахад өлчир хүйтэнд өмсөг гэж өлдүү хувцас өгсөн юмсан
              Хайрт эхнэр хүүд ээ      
              Харих боловуу даа яах бол мэдэхгүй  юм даа
              Ирсэн цаг мөчөөс эхлэн эрднийн алтан тамга өвөртлөж
              Энхийн харилцааг тогтоогоод  буцах юмсан
              Сошин лугаа нэхмэлчийн гараа амраах  нэг юмсан.....
гэсэн утгатай үгийг үлдээсэн байдаг.

Сошин гэдэг нь тухайн үед хятадад нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч багш
байсан ба олон газар нутгаар хэрэн явж ард түмний дунд аман яриа ,сонин хачинг дэлгэн
явдаг хүн байжээ.Тийм болхоор ажил хэргээ дуусгаад энэ хүн шиг эрх чөлөөтэй гар тэнэгэр
амьдрах юмсан гэсэн санааширал хүсэж мөрөөдсөн байдлыг өгүүлжээ.
Ийнхүү монгол эрс монгол элч нар Камакүрагийн засгийн ял шийтгэл авч хүний
газар шороонд мөнх нойрсжээ.

2011年10月26日水曜日

МОНГОЛ ЦЭРГИЙН УСАН ОНГОЦ ОЛДОВ

Японы Нагсакикэны Мацүүра хотын Такашима арлын ойролцоох Имавари тэнгисээс Камакүрагийн\1281\ үеийн Гэнко буюу монголын цэргийн  живсэн усан онгоцыг олж илэрүүллээ.

 Рюүкию их сургуулийн доктор профессор ,архелогич  Икэда Иэши гуай нарийн судалгаа шинжилгээ хийж 10 сарын 20 нд олон нийтэд мэдээллээ.
Үүнээс өмнө    Имавари тэнгисээс цэргийн усан онгоцны ганц  нэг хэсэг, зангууны чулуу, их бууны сум зэрэг олдворууд гарч байсан бөгөөд энэ удаагийнх шиг бүтэнээрээ олдож байсан удаа байхгүй аж.   Түрүү жил   анх эхэлж 20-25 метр гүн далайн ёроолд нэг метр гаруй эгц доошоо ухаж хайгуул явуулж илэрүүлсэн боловч аль үеийн ,ямар хөлөг  онгоц гэдгийг тодоруулж чадахгүй байжээ. Тэгээд энэ оны 9-р сараас эхлэн нарийн багаж төхөөрөмжөөр шинжилгээ судалгаа явуулсны үр дүнд дээрхи дүгнэлтэнд хүрсэн байна.Усан онгоцны доод гол нарийн урт тулгуурийн өргөн нь 50 см, урт нь 15 метр,нүүрэн талын өргөн нь 15-25 см,урт нь 10 метр  аж.
Мөн усан онгоцны араг ясыг тэр чигээр нь цагаан саарал өнгөөр будсан байсан ба хөлөг онгоцны бүтэц хийгээд тэндээс олдсон шавар ваарны хэлтэрхий, эртний хятадын улаан тоосго зэргээс улбаалан Юань улсын онгоц гэж тодорхойлж байгаа юм.
 Японы түүхэнд 1185-1333 оныг Камакүрагийн үе гэж нэрлэдэг бөгөөд Хубилай хаан 1274 онд эзэн хаан Хожёошиг дагаар оруулах зорилгоор 4400 усан онгоц,14 000 цэрэгтэй дайлаар мордож Хаката буланд тулалдан бас залгаа орших Имавари тэнгист цэргээ бөөгнөрүүлэн нэгтгэх үед Далайн хар шуурга болж бүгд живэн үгүй болсон билээ.Одоогоос  734 жилийн өмнөх энэ тулааныг Бүннэй гэж нэрлэдэг ба   уг тулааныг харуулсан эвхмэл зураг эзэн хааны музейд
байдаг аж.


 Одоогийн байдлаар дээрхи усан онгоцыг байж магадгүй гэсэн таамаглалыг сонин  хэвлэлийнхэн  дэвшүүлээд байгаа юм.
   



Усан онгоцыг олж тогтооход олдсон их бууны сумыг мөн нарийн шинжилгээнд хамрагдуулж  судлаж байгаа ба орон нутгийн иргэд уг хөлөг онгоцыг хамгийн том үнэт олдвор хэмээн үзэж байгаа ажээ.
Урд өмнө хөлөг онгоц бүтнээрээ олдож байгаагүй бөгөөд анх удаа энэ  нутгаас олдож байгаагаараа онцлог юм.
Ийнхүү судалгааны баг  үргэлжлүүлэн гаргаж авахаараа шамдан ажиллаж байна.

2011年10月9日日曜日

БУГАН ХӨШӨӨ

   
Тэгэхээр Хүн чулуунаас Буган хөшөө юугаараа ялгаатай вэ?
Бид яагаад ангилаад байна вэ?
Цаг хугацааны хувьд өөр үед бүтээгдсэн ба дүрслэлийн хувьд эрс өөр бодит хэлбэр рүү шилжиж хийгдсэн байдгаараа онцлоготой юм.
Eвро-Азийн хээр талын бүс нутагт хүрэл, ба төмөр зэвсэг эдлэлийн түрүү үөд өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох бугын дүрст чулуун хөшөө 700 орчим олдож байгаа бол монгол улсын нутгаас 550 орчим нь олджээ. Бугын дүрст чулуун хөшөө нь 1-4м өндөр, 20-40см зузаан, 30-80см өргөн хэмжээтэй байх бөгөөд ихэвчлэн хөшөөний дээд хэсэгт нар сар, хөшөөний их биөний дунд хэсэгт сүрэг бугыг дүрслээд түүний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай хийсэн  байдаг. Бугын дүрст чулуун хөшөөг
1.Монгол-Өвөр Байгалийн, бугаа загварчлан дүрсэлсэн хөшөө
2.Соён-Алтайн, бугаа бодит байдлаар дүрсэлсэн хөшөө
3.Евро-Азийн, амьтны дүрсгүй хэмээн үйлдсэн өрөнхий байдлаар нь гурав ангилдаг.
Эхний хэсэгт  хамаарагдах бугын дүрст чулуун хөшөө нь тоо хэмжээний хувьд бусад хөшөөнүүдээ бодвол харьцангуй олон тоотой байдаг бөгөөд манай улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян өлгий аймгийн нутгаас олдсон  ба  гол шигүү тархсан газарт Хангай, Хэнтий, Соёны уулсын нутаг хамаарагддаг байна.
Тухайлбал Архангай  аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын хойд дэнжид нэлээд олон том, жижиг дөрвөлжин хашлага болон бусад байгууламж бүхий бугын дүрст чулуун хөшөө байдаг. Тэрхүү хөшөөнүүдэд  бугаа загварчлан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг зэргийг урнаар сийлсэн байдаг нь тухайн үеийн хүмүүсийн соёл иргэншил нэлээд хөгжингүй байсныг харж болох юм.
 2,5 метр өндөр 0,48 метр өргөн, 20см зузаантай  саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн энэ хөшөөний орой ташуу бөгөөд дээд хэсгээр нь цувруулан олон хонхорхой гаргаж, доогуур нь өргөн бүс гэмээр зүйл татаж уг хөшөөг ерөнхий байдлаар нь гурван хэсэг болгосон байна.
Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт нар, сар, дунд хэсэгт нь арван бугын дүрсийг загварчлан- [загварчлан гэдэг нь бугын дүрсийг бодит байдлаас арай өөр өнгө аястайгаар хийсвэрлэн дүрслэхийг хэлнэ. ] урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн байдлаар дүрсэлсэн байна.
Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба хамгийн зүүн доод өнцгийн дүрсэлсэн жижиг бугаа хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврий нь эгц дээшээ хандуулан босгон салаалуулжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж, бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гурав дахь бугын цээжин хэсгийг дүрсэлжээ.

Ёр нь тухайн овог аймгууд бугыг яагаад шүтэх болов,Буга хэмээх амьтан юутай холбоотой болоод шүтэгдэх болов үүнийг эргэн хархад учир утга нэлээд гүн гүнзгий байдаг байна.
   С.Дулам гуай: “Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан тул бугын чулуун хөшөө нь түүнийг бүтээгчдийн сүлд буюу тэдгээр хүмүүс эрт цагт өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой...”
АНУ-ын судлаач William Fitzhugh: Ази Европын эртний зарим нэгэн овог аймгуудын дотор байсан бие болон нүүрэн дээрээ зурж дүрсэлдэг зан үйл болон Пазырикын шивээст хүний материалд түшиглэн шивээс, биений зураг байж болох талаар тайлбарлаад бүхэлдээ буган чулуун хөшөө бол хүнийг төлөөлүүлсэн дурсгал хэмээн үзсэн байна.
Орос судлаач Ольховский: Буган чулуун хөшөө нь үржлийн бэлгэдлийг агуулсан эр хүний бэлэг эрхтэнийг шүтэхтэй холбогдсон дурсгал хэмээн үзэж үүнийгээ хожмын Алтайчуудын үйлддэг зарим зан үйлээр тайлбарласан байдаг. 
Харин Ж.Баярсайхан хэмээх судлаач Буган хөшөөг судлаж  Бөөгийн мөргөлтэй холбон үзэх нь зүйтэй гэсэн байна.
        Энэ тухайгаа тэрбээр нарийн тайлбарлан өгүүлсэн нь:
Бөөгийн шашинд буга шүтлэгтэй холбоотой маш олон зан үйл уламжлагдан иржээ. Бөөгийн ёсонд бугын арьсаар хэнгэргээ хийж, түүн дээр ихэнхдээ буга дүрсэлдэг бөгөөд буга нь их онгодын унаа болдог ба учир нь буга, согоог зөөлөн явдалтай унасан эзнээ ядраадаггүй, зорьсон газарт нь хүргэж чаддаг амьтан гэж үздэг . Цаатан, Тож бөөгийн ёсонд бөөгийн онгон нь хөлгөө унаж, тэнгэрт халин дүүлэн нисэж, учрах онгондоо уулздаг гэнэ . Зүүний (Өвөрбайгаль, Амар орчмын) бөө нар ч буга унаж дээд ертөнцөд очдог гэж үздэг ажээ . Алтайчуудын бөө нарын оюуны төлөөлөгчидийн дунд буга марал чухал байр суурь эзэлнэ . Бүх Сибирийн ард түмнүүдэд тэнгэрийн хандгайн (бугын) тухай домог янз бүрийн хувилбартай байдаг . Ийнхүү Төв Ази Сибирийн бөө нарт бугыг эрхэмлэн үзэх болсон нь эртний уг сурвалжтай юм. Бөө нарын дунд эртнээс нааш үйлдэж ирсэн зан үйл болох бөөгийн гол хэрэгсэл болох онгодын унаа хэнгэрэгийг бугын арьсаар хийж түүнийг амилуулах зан үйлийн дуудлагад:

... Амьдрал жаргал замыг минь жолоодон
  Залуу шинэ аян зоргол (буга) минь боллоо... гэхчлэн дуудаж тодорхой зан үйл хийсний дараа дээлээ тайлан өмсгөлөө өмсч бөөлж эхэлнэ. Ингэхэд согоо буюу хөлөг нь амилж буй мэтээр дараахь үгийг хэлдэг. Энэхүү тамлагын үгэнд “Ижил сүргээсээ салсан, баатар хүний хэрэг бүтээхээр дүрс хувилсан,”, ”Хувь ихтэй баатарын хүчээр агаарт дэгдсэн” ер бусын, бодит бус бугын тухай санаа олонтаа тохиолдоно.Ийнхүү монголын бөө мөргөл дэх буга, буган чулуун хөшөөн дэх буга хоёрыг ямар нэг хэмжээгээр холбож үзэх сэжүүр илэрч байна.

Миний хувьд Буга бол шүтлэгтэй холбоотой байх нь гарцаагүй юм. МНТ нд : 
          ..... Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу
          .....  Гэргий Гоо марал ажгуу     ..... хэмээн бичигдсэн байдаг болхоор  Буга бол тэнгэрийн амьтан,тэнгэрээс заяат гэдгийг хэлж өгч байгаа юм.Тэнгэр бол эх дэлхий байгаль , цаашлаад байглийн бүхий л хүчин зүйлсийг "Тэнгэр "мэддэг   гэдэг утгаар шүтлэгтэйгээ холбогдож байгаа юм.Ихэнхи Буган хөшөөний хамгийн дээд хэсэгт нар байдаг ба Тэнгэрийн дээр нар буй,түүний доор өнгөрсөн одоо ирээдүйг билэгдсэн шүтээн болох  марал бугыг сийлсэн байдаг.
Тухайлбал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутаг Дунд Жаргалантын голын хөндийд нэлээд хэдэн дөрвөлжин булш байдаг  бөгөөд тэдний хана булан зэрэгт таван ширхэг буган хөшөө бий. 
 Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуугаар үйлдсэн, өндөр нь 2,5 м, өргөн нь 0,4 м, зузаан нь 0,2-0,38 м /хөшөө доошоо шувтан/ хэмжээтэй боловч оройн хэсэг нь хугарч унасан байдалтай. Хөшөөний их биеийг ороолгон арван бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Хөшөөг ороолгон хөрөөний ир мэт зургаан см өргөн бүс татжээ. Хөшөөний зүүн хажуугийн нарийн хавтгайн дунд хэрд бамбай, бүсний доор нэгэн тамга, арын өргөн хавтгайд байлдааны зээтүү, хөшөөний урд талын өргөн хавтгайд гуй тольттой чинжал хутга, саадаг мэтсийг зүүсэн байдалтай дүрсэлжээ.Он цагийн хувь хүрэл зэвсгийн эцэс төмөр зэвсгийн эхэн үед хамаарах дөрвөлжин булшны өнцөгт хүрэл зэвсгийн дунд үед бүтээгдсэн хөшөөг ашиглаж байсан Х.Т.Ө YII-IX зууны үед холбогдоно.
Хөшөөнөө бугыг заавал хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг шувууны хошуу мэт урт нарийн, эврийг хээ угалз мэт дүрсэлжээ.
Энэ мэт уран гоё хийцтэй буган хөшөө монгол нутгаас олдож байгаа бөгөөд судалгааны хувьд нэлээд учир дутагдалтай улам нарийн чанд судлах шаардлага эдүгээ тавигдсан хэвээрээ байна.



2011年8月1日月曜日

ХҮН ЧУЛУУ



Та бид хааяахан хөдөө гадаа явахаараа замын хажууд түүх тэрлэн он цаг хэлхэх буган хөшөө, хүн чулууг харан гайхан өнгөрдөг.
Энэ чулуу юуг өгүүлнэв,ямар учиртай юм бол гэх бодол яах аргагүй төрдөг.
ШУ-н талаасаа нэлээн судлагдаж байгаа бөгөөд Монгол нутаг дээрхи олдвор олдоц  одоогийн байдлаар 500 гаруй бүртгэгдээд байгаа юм.
Монгол нутаг дахи хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил 1889 оноос эхэлсэн гэдэг.
 Эдгээр дурсгалуудыг түүх, соёлын хамаарал болон он цагийн хувьд нь хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Эхнийх нь монгол орны төв болон баруун талын нутгаар байх VI-IX зууны үед холбогдох Түрэгийн үеийн хүн чулуу, нөгөө хэсэг нь зүүн талын нутгаар зонхилон байх XIII-XIV зууны Их монгол улсын үеийн хүн чулуу юм. Түрэгийн үеийн хүн чулуу нь тооны хувьд дийлэнх хэсгийг эзэлдэг.
Монгол нутаг дээрхи хүн чулууны ихэнхи нь бичиг үсэг үүсэхээс өмнөх таамаг тэмдэгтүүд бий болсон үетэй яах аргагүй холбогддог.



Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавьяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулдаг бөгөөд газар тэнгэрийн хооронд мөнхөд амьд сэрүүн мандан бадрах билэгдэлээр бүтээгддэг байжээ.
 Бас утга зүйн талаас хүн чулуу нь голдуу эр хүнийг дүрсэлсэн байдаг аж.Энэ нь хүрлийн үе түүнээс өмнөх хүн сүргээрээ амьдрах овог аймгын ахлагч,эцгийн эрхт ёстой холбогдож босдог байсан гэсэн үг юм.
Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ.
Орон зайн дүрслэлийн хувьд хагас товгор хэлбэрээр ерөнхийлөн  хээ угалз. элдэв үсэг бичгээр баяжигдан бүтээгддэг байжээ.
 Хүн чулуу нь эхнээсээ овгийн шүтээнийг дүрслэж аажмаар овог аймгийн хил хязгаарыг зааглах  тэмдэг болж утга билэгдэл нь улам өөрчлөгдөн шинэчлэгдэж байв.
Хүннү , Сүмбэ , Нирун улсын үеийн чулуун хөшөө байдаггүй гэж одоогоор үздэг бөгөөд энэ үед бүтээгдэж байсан гэдгийг бөөгийн хүрэл мод , чулуун онгодоос харж болох юм.Түрэгийн угсааны улсууд хүн чулууны хийц хэлбэрт өөрчлөлт оруулан шүтээн буюу амьтадын дүрсийг  хөшөөний дээд хэсэгт байрлуулж бас хүний нүүр толгойны хэлбэр гаргаж хийж байлаа.  
 
Төв Азид монгол төрийг үүсгэн байгуулж ,хүчирхэгжин мандан бадарч байсан монгол түмний бүтээсэн хүн чулуун хөшөө нь өрнө зүгт чигэлсэн их нүүдлийн зам мөрөөр тархан Дорнод Европ хүртэл түгэн дэлгэрчээ.Ийм учир дан ганц монгол түмний бус Евро Азийн уудам нутаг дахь нүүдэлчдийн соёл иргэншилтэй нягт сэжмээр холбогдож тэдний аж амьдралд уусан шингэжээ.
13-р зууны дунд үед Монгол орноор аялж явсан өрнийн жуулчин Рубрук Алтан ордоны нутагт хүн чулуу босгож байсныг үзээд : Бунханы дэргэд шороо овоолон үхэгсэддээ дурсгал болгон хүйсний тус газар алтан аяга барьсан хүн чулууг зүүн тийш харуулан зоож байсан .... хэмээн Дорнод этгээдэд зорчсон тэмдэглэл номондоо бичжээ.  
Энэ мэт баримт материал мэр сэр олддог бөгөөд 13-р зууны чулуун соёлд яах аргагүй Бичигт хөшөө буюу Гэрэлт хөшөө ордог билээ.Гэрэлт хөшөөг эрдэмтэд бичгэн хөшөө,бичигт хөшөө гэх зэргээр нэрэлдэг ба аль ч нэрээр нь нэрлэсэн ч утга нь алдагдахгүй юм.Гэгээ сацруулах, гэрэлтэх гэсэн утгаас гадна онцгой үйл явдалыг,баатарлаг гэгээн зүйлсийг тунхаглан бататган сийлдэгээрээ гэрэлт хөшөө ялгаатай байдаг.Гэрэлт хөшөөний томоохон дурсгалын нэг бол Мөнх хааны гэрэлт хөшөө.
 
Мөнх хааны хөшөөний монгол бичээс хэмээх энэхүү дурсгалыг судлаач О.Намнандорж нар олж судлан 1956 онд Улаанбаатарт авчирч Үндэсний түүхийн музейд хадгалуулжээ.Хөшөөг олсон газар нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Дэлгэрхан уулын өвөр, Дэлгэр мөрний зүүн хөвөөнд буй эртний балгасны туурь.Хөшөөний суурийг 100 см урт, 68 см өргөн, 40 см өндөр хүрэн боржин чулуугаар хийсэн байна. Суурийн дээр 46 см урт, 20 см гүн, 20 см өргөн, 2 м углуурга гаргаж хөшөөг тогтоосон байдаг. Хөшөөний дээд талыг түшлэг мэт болгож, догол гаргаад нүүрэн талын хүрээгээр нь хоорондоо 3.5 см зайтай хоёр нарийхан гурив гарган, эвэр угалз сийлж чимжээ. Нүүрэн талын эхэн хэсэгт 3 мөр монгол бичээс бий. Хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлнээ тоймлон буулгавал: Ургийн ургаар хэдэн хэдэн үестМөнх хаан түмэн түмэн насалтугай Барс Түгэ босгуул… хүртэл ана /энэ/-д давирганд /учралт/ буян хүртүгэй гэжээ.Мөнх хааны гэрэлт хөшөө тахилгын сүм мэт зүйлийн дотор хадгалагдаж байсан нь малтлагаар тогтоогдсон байна.
Хүн чулуу аажмаар нийгмийн байдал өөрчлөгдөх тусам хэлбэр хийц агуулга нь даган өөрчлөгдөж  шүлэг яруу найраг,ёрөөл магтаал цаашлаад  эрх чөлөөг тунхаглан зарлах гэрэлт хөшөө болтлоо шинэчлэгдэж байлаа.
  Түргийн гурван хааны зөвлөх мэргэн Тоньюк өөрийн амьд сэрүүн ахуйдаа босогсон хөшөөг үзэхэд тухайн үеийн Түрэг улс Нанхиадад эзлэгдсэн ард түмэн эрх чөлөөг эрхэмлэн хүсэмжилж байсныг өгүүлсэн байдаг.
   
 Уг бичээсийг хоёр чулууны нийт найман талд жаран хоёр мөр болгон бичсэн бөгеөд нэгдүгээр чулууны өндөр нь 1 м 70 см, үүнд нэгээс гучин долдугаар мөрийг, хоёрдугаар чулууны өндөр 1 м 60 см, үүнд гучин наймаас жаран хоёрдугаар мөрийг бичсэн байна.
Тоньюкук хэтээх нэрийг түүхэн бүтээвэр зүйн тонюк-ук гэсэн бүтэцтэй, үүний тонюк буюу бидний галигаар, tonuk гэдэг нь орчин цагийн тува хэлний "туурай", ук нь түрэг хэл аялгуунуудад түгээмэл тохиолддог, тува хэлэнд ок "сум" гэсэн хэлбэртэй байгаа үгтэй холбоотой, иймээс тоньюкук гэдэг нь "туурай сум буюу суман туурай" гэсэн үг гэж үздэг.
 Гэрэлт хөшөөний тавин наймдугаар мөрт "Түрк Билгэ каган иленге битидим. Бен билге Тоньюкук" гэсэн өгүүлбэр бий бөгөөд үүнийг нь орчин цагийн монгол хэлээр орчуулбал "(хөшөөний бичээсийг) цэцэн Тоньюкук би (тушаан) түрэг Билгэ хааны ард түмэнд (зориулан) бичүүлэв" гэсэн утгатай болж байна. Цэргийн нэрт жанжин, хунтайж Күлтегинийг нас нөхөцсөний дараа түүний онгоныг босгуулах үест гэрэлт хөшөөг нь босгосон бөгөөд бага бичээсийн төгсгөлд "Бо битиг битигме атысы йоллыг тигин" гэж байдаг нь "энэ бичгийг бичигч нь (Күли-тегиний) ач Йоллыг-тегин" гэсэн утга юм. Үүнтэй харьцуулан үзвэл Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа өөрөө (зарлигдан) хөшөөнийхөө бичээсийг бич(үүл)сэн гэдэг нь хөшөөнд өгүүлэгдэх эхээс тодорхой харагддаг.
Бичиг үсгийн хэлбэр өөрчлөгдөнсөн байдлыг харж болох жишээний нэгэнд    1621 онд Цогт хун тайжын зохиосон уран яруу хэллэгтэй   шүлгийг сийлсэн Дуутын хар чулууг үруулдаг юм.

 Монгол бичгийн 7 бадаг,28 мөрөөр   бичигдсэн  Хадны бичээсийн эхэнд "Цагаан тахиа жилийн /1621/ намрын эхэн сарын хорин нэгнээ Цогт тайж Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан Хуягт халтараа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүгт харан сэтгэл машид уярч халуут /халуун хайрт эгч/ авга эгч юугээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээн сийлсэн байдаг .
Ийнхүү Хүн хэмээх чулуун хаднаа эх нутаг,уул усаа ан амьтантай  нь багтаасан,сэтгэл хөдлөл уйтгар гуниг ,ялалт амжилт ,хүсэл мөрөөдлөө шингээсэн  , эрх чөлөө тусгаар тогтнолоо зарлан тунхагласан,ирээдүй хойчдоо уламжлуулан үлдээсэн  ард түмэн бол яахын аргагүй та бид  монголчууд минь билээ.
 Тиймээ чулуун ном бол төрт улсын түүх, монгол түмний ургийн урагт үл мартах шаштир бөлгөө.  


                                                       

2011年7月19日火曜日

МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗОХИЛОХ ЗҮРХ


Наадмын өдрүүд ээлжлэн өнгөрч Монгол хүн бүр баясан цэнгэж наадлаа.Монгол оронд ,эх нутагт минь болж бүтэхгүй юм их байгаа ч тэрийгээ түр умартан баясан цэнгэлээ.Тиймээ ганцхан монгол газар шороон дээр өссөн ,уул тал ус нутгаараа  өлгийдүүлсэн та бид эх түүхээрээ бахархан баахан олон ойн баярт умбалаа.Гэхдээ дэлхий дээрхи Монгол цустай ,Монгол гаралтай хүн болгон баярлаж чадсан уу гэвэл үгүй....
Уул нь тэд бас л ижилхэн монгол өвөг дээдсээ,биеэр урсах цусан ураг овгоо дээдлэн хүндэлж ,эх газарын монгол нутгаа санан мөрөөдөн буй .Тэд түүхийн ээдрээтэй нугачаанд хувь заяагаа даган дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа ч монголын төлөө ,эцэг өвгөдийнхөө  төлөө залбиран үргэлжид санааширан буй.